2010 оны 02-р сарын 03, Нийтэлсэн sarnai Байд Антогаст, Герман, 2009 оны 5 сарын 16 (Баасан): Сарнайн хүчтэй анхилуун үнэрийг мэдрэн ихэнх хүмүүс гүн бясалгалд орсон байлаа. Сацаны төгсгөлд Шри Шри Рави Шанкартай асуулт хариулт явагдахад ч ихэнх хүмүүс бясалгасан хэвээр байв. Асуулт: Сева хийхэд амархан байдаг. Хэдий хэцүү хүнд байсан ч би сева хийх дуртай. Миний асуулт гэвэл: Яагаад хүн болгон надад дуусга гэж зөвлөсөөр байтал коллеж, их сургуулиа сурч дуусгахад хэцүү байдаг юм бэ? Дуусгах нь чухал гэдгийг би мэднэ. Яаж энэ үүргийг биелүүлэх урам зоригыг бий болгох вэ? Шри Шри Рави Шанкар: Зүгээр л хийж дуусга. Зарим зүйлд 'яаж' гэсэн арга байдаггүй. Би одоо нүдээ нээгээрэй гэхэд чи зүгээр нээчихнэ, амаа ангай гэвэл зүгээр л хэлснээр хийчихдэг. Асуулт: Надад үргэлж ямар нэг хүмүүстэй хамт байхаар, хамт олон дунд орохоор тэр хүмүүс дунд би багтахгүй юм шиг сэтгэгдэл төрдөг. Үүнийг яаж даван туулах вэ? Шри Шри Рави Шанкар: Өмнө нь болж өнгөрсөн таагүй байдлаас шалтгаантай. Урагш алх, өөрчлөлт хий. Өөртөө 'Ямар ч зүйл тохиосон би гэртээ байх болно' гэж хэл, өөрийн мэдрэмжнийхээ эзэн нь бай. Мэдрэмжиндээ өөрийн удирдлагыг битгий өг. Хамт олон дунд тааламжгүй байдал мэдэрдэг бол энэ нь таны өөрийн хязгаараас, эгогоос шалтгаантай. Гүнзгий амьсгал аваад, таагүй мэдрэмжээ ажигла, ажиглангуут таагүй байдал алга болно. Асуулт: Зам нийлэхээ больсон сайн найз нөхөдөө яах вэ? Сүүлийн бараг 5 жилд бидний нөхөрлөлд ахиц гараагүй. Аажимдаа тэдэнтэй ярих зүйл ч олдохоо больж байна, гэхдээ тэд миний сайн найзууд. Шри Шри Рави Шанкар: Чи тэднийг боловсроход туслах хэрэгтэй. Асуулт: Нэг хүн нөгөөдөө хайр сэтгэлтэй болж, гайхамшигтай хэрнээ тайван амгаланг зэрэг мэдэрч чаддаг бол сэтгэл татагдах болоод сул орхих хоёрын хоорондох тэнцвэрийн шугамыг хэрхэн татах вэ? Шри Шри Рави Шанкар: Хэт сэтгэл татагдвал, дотоод руугаа аяла, дотоод ертөнц рүүгээ тэмүүлэхэд аяндаа бууж өгдөг, сул орхидог. Хайр, бууж өгөлт хоёр холбоотой. Хайр байгаа бол бууж өгөлт бас бий. Ийм сэтгэлийн хөдөлгөөнийг дүгнэж цэгнэхгүй байсан нь дээр байдаг. Та түүнд хайртай л бол хайртайгаа эвлэр. Алдсан ч оносон ч, хувирсан ч хувираагүй ч, юу ч болсон бай бүгд л болох ёстой зүйлс. Зайлах арга байхгүй. Асуулт: Өвдөж зовсон эсвэл ядуу зүдүү хүмүүсийг харах бүрт тэд надад маш хүчтэй сэтгэгдэл үлдээдэг. Хэдэн өдрийн турш миний бодлоос гардаггүй. Үүнийг яаж суллах вэ? Шри Шри Рави Шанкар: Патанжали Иога Сутрад бодит амьдралын аливаа нөхцөл байдалтай харьцах 4 түлхүүр, хандлага, өөрөөр хэлбэл арга зам бий гэж хэлсэн байдаг. Эхнийх нь, найз бай. Аз жаргалтай нэгэнтэй найз бол, тэгвэл атаархалын сэтгэлийн давж чадна. Зовж буй нэгэнтэй зөвхөн энэрэх сэтгэлээр ханд, найзлах биш. Үр өгөөжтэй, сайн сайхныг хийж, бүтээж буй нэгэнд баярлаж талархсан сэтгэлээр ханд. Харин муу зүйл хийж байгаа нэгэнтэй адилгүйгээ мэдэр, үзэн ядах биш. Дээрх нь амьдралдаа хандах дөрвөн өөр хандлага. Үүнийг хэрэглэж чадвал бид сэтгэлээ хамгаалж чадна. Үүнээс өөр ямар нэг мэдрэмж таныг зовоовол та түүнийг эсрэг сайн талруу нь хувиргах гэрэгтэй. Атаархал төрвөл түүнийг хайрлах болгон хувирга. Мэдрэмжийг хичээж зүтгэж биш, чинь хүслээр л өөрчилж чадна. Асуулт: Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хэрхэн нэмэгдүүлэх вэ? Заримдаа би хэнд ч харагдахгүй байгаа юм шиг байдаг, хүмүүс миний тухай, хаана байгааг минь мартчихдаг. Шри Шри Рави Шанкар: Бусдад хэрэгтэй бай. Бусдад хэрэгтэй байж чадвал, тэд таныг санана. Харин зөвхөн өөрийгөө л боддог бол тэд таныг мартана. Асуулт: Би маш олон зүйлээс айдаг, ялангуяа үхлээс. Үүнийг яаж давах вэ? Шри Шри Рави Шанкар: Бясалгал дахин бясалгал. Бясалгал бас Мэдлэг. Айдсаа даван туулахад чинь энэ хоёр зүйл л тусална. Асуулт: Манай гэрийнхэн их үймэрсэн, хэнэггүй, хувиа хичээмтгий, өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Тэднийг байгаа чигээр нь хүлээн зөвшөөр гэж таны хэлдэгийг ойлгож байгаа боловч хоногын 24 цаг ийм орчинд амьдрахад надаас маш их тэвчээр шаардах юм. Би үүнийг өөрчлах гэж олон жилийн турш янз бүрийн арга хэрэглэж байгаа ч өөрийн амьдралаа, эрч хүчээ, бүтээлч байдлаа, хайрыг дахин дахин алдаад байгаа юм шиг мэдэрдэг. Энэ тал дээр надад заавар зөвлөгөө өгнө үү. Шри Шри Рави Шанкар: Би чамтай хамт байгаа гэдгийг мэд. Сэтгэл санаагар унасан үед чинь, зовсон зүдэрсэн үед чинь - бүр багахан ч гэсэн тавгүй байгаа үедээ намайг чамтай хамт байгаа гэдгийг мэдэр. Алив л дээ, хэн ч бүтэн 24 цагын турш өөр нэгэнтэй хамт байж чадахгүй шүү дээ. Хамгийн багадаа л гэхэд та 6-8 цаг унтана. Ахиад 2 цагыг өөртөө зарцуулна - усанд орно, хоол иднэ, ганцаараа байна. Та ганцаараа өрөөтэй бол (тусдаа өрөөтэй байх нь сайн) хааяа зөвхөн өөртэйгөө бай. Гадуур алх. Ихэвчлэн бид аливаа асуудлыг ерөнхийлөөд, мөнхрүүлээд тавьчихдаг. 'Үргэлж л миний буруу байх юм. Надад үргэлж л нэг зовлон байх юм' гэж бодно. Та яаж цаг үргэлж зовлонтой байж чадах вэ дээ? Цаг үргэлж л зовлон байгаад та түүнд дасан зохицсон бол тэр чинь зовлон биш болчихно. Зарим хүмүүс бусдад зовлон тарьж явдаг, учир нь энэ нь өөрсдөө зовлонгүй байх ганц боломж юм (хүмүүс инээлдэв). Өөрсдөө зовох юмгүй ч бусдад зовлон тарьж явах хүмүүс ч бий. Сэрээд хар л даа. Аливаа асуудлыг ерөнхийлэхгүй, мөнхрүүлэхгүй байх нь ухаалаг арга. Асуулт: Би байнга ямар нэг нүгэл хийчих вий, хийсэн нүглийг минь Бурхан өршөөгүй болов уу гэж айж явдаг. Өнгөрсөнд хийсэн нүгэлээсээ хүртэл айдаг. Шри Шри Рави Шанкар: Алив л дээ! (хүмүүс алга ташив) Бурханыг тийм харгис дүрээр битгий хар л даа. Би чиний хамгаалагч болоё (хүмүүс алга ташив). Бурхан бол энэрэл, нигүүсэлийн далай. Иймэрхүү зүйлийг сэтгэлдээ битгий агуулж бай. Урагшил. Ташаал, баяр жаргалыг мэдрэх гэсэн хүсэл таныг зовоогоод байна. Гэтэл хамгийн агуу хүсэл бол Бурхан өөрөө юм. Дасгалаа хий. Иога Вашиста, Аштавакра Гитаг унш, эдгээр нь таныг оюун санааны замд хөтөлнө. Ямар нэг зүйл болсон ч орхиод урагшил. Асуулт: Оюун санааны замд гарснаас хойш би олон янзын арга техник, уламжлалуудаар хичээллэж ирсэн. Өнгөрсөн жилээс би Крияа Иогоор хичээлэж эхэлсэн юм, би өөрийн замаа олчихлоо л гэж бодсон. Гэтэл одоо энд Сударшан Крияа хийгээд сууж байна, бас энэ дасгал техникийг Крияа Иогтай хослуулах нь хэцүү төвөгтэй байж магадгүй гэж бодож байна. Би аль алиныг нь хийж болох уу эсвэл зөвхөн нэгийг нь сонгох хэрэгтэй юу? Сахаж Самадхид суугаагүй байхдаа яаж өөр бусад техник ашиглахгүйгээр бясалгал хийх вэ? Эцэст нь би эрэл хайгуулаа, элдэв дасгал техник сольж холихоо зогсоогоод өөрийн гэсэн замаа олохыг үнэхээр их хүсч байна. Би өөрийн замаа яаж зөв таньж мэдэх вэ? Шри Шри Рави Шанкар: Өнгөрсөн хугацаанд хийж байсан бүхий л дасгал зүйлс чинь таныг энд хүргэсэн. Дасгал техникийг битгий холь. Энэ зам дээр гарсан бол эндээ үлд. Ямар нэг ахиц дэвшил гарахгүй болох үед чинь би, өөрийн биеээр үүнийг орхиод цааш яв гэж хэлнэ. Энд ахиц харахгүй байна гэдэг боломжгүй юм. Тиймээс үргэлжлүүл. Энд анир чимээгүй, дуу хөгжим, сева, инээд хөөр, мэдлэг бүгд бий. Амьдралд байдаг бүхий л талууд багтсан, үнэхээр гайхалтай.
|